хар морьт сахиусны нямба бүтээлийг Их-Уул сумын Асгат багийн Асгатын хүрээний туурин дээр 7 хоногийн турш хийж гүйутгэлээ.

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын гуравдугаар багийн нутаг Асгатын хүрээний балгас туурин дээр Ахай бэйсийн хошууны нандин шүтээн Хар морьт сахиусны нямба бүтээлийг аймгийн арваад ламын хамт долоо хоногийн турш хийж гүйцээлээ. Тус нямба бүтээлийг хийхэд Их-Уул сумын гуравдугаар багийн Засаг дарга, багийн 140 гаруй өрх айл бүгд чин сэтгэлээсээ тусалж дэмжсэнд талархаж байна. Нутгийн зон олонд зориулан Сахиусны дорсор, Сахиусны өмнөөс хишиг буян тогтоох даллага, сан тахилга хийж ачлал үйлдлээ. Мөн Их-Уул сумын төвийн хийдэд цаг агаарын бэрхшээлтэй байсан ч сахиусны жинсрэг буюу гал мандал өргөх тарнийн ёсны амирлуулах зан үйл хийсэн бөгөөд энэхүү зан үйл хийхэд тусалж дэмжсэн Нанжидсүрэн, Сувд, Гүншир, Бямбадорж, Мөнхбаатар болон тэдний үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсдөд талархал илэрхийлье. Асгатын хүрээний балгас туурийг сонгож нямба бүтээл хийх болсон нь тэрхүү газарт 300 гаруй жилийн өмнө Ахай бэйсийн хошууны нандин шүтээн болох Хар морьт сахиус анхлан залагдсан буурал түүхийн бүдэг бадаг жимээр өртөөлөхөд хүргэлээ. 
Их-Уул сумын гуравдугаар багийн нутаг дахь Асгатын хүрээний тууринд гурван том, дөрвөн жижиг дуган, гурван том чулуун суварганы туурь үлджээ. Асгатын хүрээ баруун, зүүн хоёр жастай байсан ба баруун жас байсан гэх газарт ширмэн тогооны хагарсан хэлтэрхий, зүүн жасын тууринд том тогооны чулуун суурь хэвээр үлджээ. Мөн айл хашаа байшингийн гэж хэлж болохоор олон буурь туурь одоог хүртэл хэвээр хоцорчээ. Энэхүү хүрээ Жүд, Дүйнхор, Цогчэн, Цанид, Сахиусны дугантай, 100 гаруй ламтай байсан гэдэг. Асгатын эхний Зүрхэн хэлбэрийн шовх сүрлэг уулыг Чингүнжавын эцэг Банди гуай шүтэн оройд нь овоо босгон тахиж байсан учир Бандийн овоо гэх болжээ. Хийдийн баруун талд шовх өндөр уулыг “лүнда овоо” буюу “хийморийн овоо”, хойд талд нь “даш лаврага” буюу “өлзийт хавцгайт” гэх хайрхан байна. Зүүн хойд талын Мааньт хэмээх намхан уулын өвөрт намжүвандан, маанийн үсэг чулуугаар бүтээсэн нь эдүгээ ихэд бүдгэрсэн байна. Зүүн талд хадан хошууны өвөрт ходоодонд сайн гэх рашаан байна. Мөн түүнээс уруудахад өөд өөдөөсөө харсан сонин хэлбэртэй нэлээд өндөрлөгт нямба бүтээл хийдэг хадан том агуй, түүнээс доош уруудахад тэмээн хад гэх өвөрмөц хэлбэртэй хад байна. Тус хийдийн орчин орчин тойронд уул ус, мод ургамал жигдэрсэн шовх өндөр уулс, үхэр, элгэн хадтай нь байгалийн догшин төрхийг илтгэсэн нь аргагүй л хангал догшид сахиусны орших орны шинж төрхийг илтгэсэн сүрлэг хангай юм хэмээн залбирч байлаа.
Хошууны Хар морьт сахиус нь Халхын баруун гарын Хотгойдын ноён Тобагийн үетэй аргагүй холбогдоно. Тэрээр 1688 онд харьяат ардыг аван Хөхнуурын газарт суун цорж лам Жагарвайн зээ охин Чоглонамжилыг хатан болгон авчээ. Чоглонамжил хатан өөрийн инжиндээ Хар морьт сахиусыг авч урт замыг туулан Ахай бэйсийн хошууны нутаг буюу одоогийн Их-Уул сумын зүүн Асгатад явж байтал сахиус залсан хар атан тэмээ хэвтээд ер босч өгөхгүй байж. Энэ учир явдлыг тайлахаар Жалханз хутагтад элч илгээтэл “Сахиусыг тэнд нь өргөө гэр барьж шүт. Улмаар Ахай бэйсийн хошууны гол сахиус болгон шүтэх хэрэгтэй” хэмээн айлдсан учир зүүн Асгатын хүрээг байгуулж, Хар морьт сахиус тэндээ нандин сахиусаар залагдан тахигдаж улмаар хошуу нутгийн нандин сахиус болжээ. Сахиусны өмнөөс буудаг гүртэмба, чойжингууд зөвхөн Асгатын хүрээнээс төрж, тэндээ буудаг байсан нь ч нутаг орны онцлог, сахиусны үүсэл гаралтай салшгүй холбоотой болов уу. Учир нь Ахай бэйсийн хошууны Мөрөнгийн хүрээ, Хүйсийн хүрээ, Баянголын хүрээнд төдийлөн буудаггүй байсан гэж дээдэс лам нарын амнаас олонтаа сонсож байлаа. Ахай бэйсийн хошууны ард иргэд өвчин, зовлон, ад, зэтгэр амирлуулах, нас буян, идээ, эд, цог золбоо дээшлүүлэх дэлгэрүүлэх үйл, эрх мэдэл, эрдэм мэдлэг зэрэг эрхшээх үйл, хэл ам, хараал жатга, ад зэтгэрийг даран сөнөөх хатуу үйл бүгдийг зөвхөн Хар морьт сахиусандаа даатган сүсэглэн дээдэлж хоёргүй сэтгэлээр залбирсаар ирсэн түүхтэй билээ.
Мөн Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийн удирдагч Б.Чингүнжав нь 1710 онд Засагт хан аймгийн Ахай бэйсийн хошууны “Асгат” баг буюу одоогийн Их-Уул сумын Халзан бүргэд уулын зүүн талд төрж өссөн нь ч магадгүй мөн сахиус, нутаг устай хүйн холбоотой биз ээ. Тэрээр бага наснаасаа эхлэн Их-Уул сумын нутагт Асгатын эх, Тариугийн эх, Ар зуслан зэрэг газар нутаглаж байсан бөгөөд 1756 онд Манжийн эсрэг бослого гарган тэмцэж, хэлмэгдсэн тул, түүний харьяат ардын нэг хэсгийг Тобагийн ахмад хөвгүүн Дашпунцагт харьяалуулан өгч түүнийг засаг, тэргүүн зэрэг тайж өргөмжлөн тус хошууг захируулсан түүхтэй билээ.