Эрдэнэ бишрэлт Засагт хан аймгийн Ахай бээсийн хошуу /1911-1921 он/

Их-Уул сумын нутаг  дэвсгэр нь ардын хувьсгалын өмнө Эрдэнэ бишрэлт Засагт хан аймгийн Ахай бээсийн хошуунд харьяалагдаж байв. Ахай бээсийн хошуу нь Манжийн ноёрхолын үед буюу 1691-1911 онд халхын өрнө замын дундад зүүн гарын адгийн хошуу гэж нэрлэгдэн нэг гүйцэд сумын алба үүрэг гүйцэтгэж явжээ.
   Богд хаант Монгол улсын үед буюу 1911-1921 онд Засагт хан аймгийн Ахай бээсийн хошуу гэж хуучнаараа нэрлэгдэн Бадрах, Баян эрхэт, Наран, Сэлэнгэ гэсэн 4 отог, Хойт,  Дэдийн, Баруун  Асгат, Зүүн Асгат гэсэн 4 багт тус тус хуваагдаж байв. Хошуу нутгийн хилийн цэс нь Ахай бээс Цэрэндоржийн үед бичсэнээр “Өмнө этгээдэд Дулаан хар уулын харалдаа, Дэлгэр мөрөн голыг өгсөн Даш лүнгийн ам хүртэл Далай гүний хошуутай, мөн Даш лүнгийн амнаас Хуа хурганы хяраар гарч Нарийн хужиртын амаар Дэлгэр мөрөнд  дахин хүрч Жалханз хутагтын шавьтай, мөн тэндээс Дэлгэр мөрний голыг өгсөн Соёо толгой хүртэл Дүүрэгч вангийн хошуутай, Соёо толгойгоос Цачирт, Жаргалант, Тосон сүмбэр, Эрээний хяраар дайран Тэмээн чулуут хүртэл харуулуудтай, Тэмээн чулуунаас Хүдэр, шар далан, Баян зүрх, Халуун усны хяр, Түнэлийг дайрч навчилтай Эрдэнэтийг хярлан Хадрагчийн бэлчир хүртэл Хөвсгөл нуурын урианхайтай, мөн эндээс Жаргалант хөндий, Хувьт, Бөөргөөр гөрөөчин нутагтай, Хувьт, Бөөргөөс, Хөндлөнгийн зүүн адгаас гарч Бага отос уул хүртэл Хатанбаатар вангийн хошуутай, мөн одос уулаас Сэлэнгэ мөрөн хүрч уг голыг даган өгсөж Олон голын билчэрхүртэл мэргэн гүн Мөнх очирын хошуутай зах нийлнэ” гэжээ.
   Манжийн эсрэг 1756-1758 онд гарсан Ар Монгол дахь тусгаар тогтнолын төлөө тэмцлийн удирдагч Чингүнжав нь Хөвсгөл аймгийн түүх, Их-Уул  сумын түүхэн танилцуулга номонд түүхч Ч.Банзрагч төв архивт сууж олон хийсэн судалгаа шинжилгээндээ тулгуурлан “Б.Чингүнжав нь 1710 онд Засагт хан аймгийн Ахай бээсийн хошуу Асгат баг буюу одоогийн Их-Уул сумын Халзан бүргэд уулын зүүн  талд төрсөн. Тэрээр бага наснаасаа эхлэн Их-Уул сумын нутагт Асгатын эх, Тариугийн эх, Ар зуслан зэрэг газар нэг хэсэг  нутаглаж байсан гол эх нутаг нь” гэж бичсэн байдаг. Асгатын эхний Зүрхэн хэлбэрийн шовх сүрлэг уулыг Чингүнжавын эцэг банди гуай шүтэн оройд нь овоотой болгож, тахиж байсан учир Бандийн овоо гэж нэрлэж байв. Их-Уул сумын зүүн Асгатын хүрээ нь 1804 онд 6 дугантай байгуулагдсан нэлээд эртний хүрээ юм.    
    Ахай бээсийн хошуу нь Засагт хан аймгийн халхын өмнө захын дунд зүүн гарын адгийн хошуу гэж нэрлэгдэж байсан бол Их-Уул сумын нутаг нь Ахай бээсийн хошууны хамгийн адгийн /үзүүрийн/ нутаг байжээ.


Ардын хувьсгалаас нэгдэлжих хөдөлгөөн ялах хүртэлх үеийн Их-Уул сум /1921-1956он/


    Их-Уул сум нь БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчдийн 1931 оны 2-р сарын 7-ны өдрийн   5-р тогтоолоор Цэцэрлэг мандал уулын аймгийн Наранжаргалант уулын хошуунаас байгуулагджээ. Сум байгуулах анхны хурлыг 1931 оны 3-р сарын 24-нд Дэрст булан хэмээх газар хийж, сумын даргаар Амарын Лувсанг сонгожээ.
Нутаг дэвсгэрийн хувьд Ахай бээсийн хушуу, Бүрэн сумын нутгийн Далай гүний хошууны Ар зүүн сум, Түнэл сумын  нутгийн Хөвсгөл нуурын урианхай Өвөр баруун, Өвр зүүн  сумын нутгаас оролцон бүрэлдэж, сумын төв нь эхлээд Цагаан бургасны аманд байснаа дараа нь Сэлэнгэ мөрний хойт эрэгт одоогийн байгаа газартаа төвлөрчээ.
Нэгдэлжих хөдөлгөөн ялж, хөгжих үеийн Их-Уул сум
/1959-1990 он/
1959 онд Монгол улсын орон нутгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувиарлалтанд их өөрчлөлт гарсан нь тархай бутархай ардын аж ахуйтан бараг бүхлээрээ хөдөө аж ахуйн нэгдэлд хамрагдсантай холбоотой байлаа. Үүнээс өмнө 1932 оны 10 дугаар сарын 21-ны өдөр Сайд нарын зөвлөлийн 14 дүгээр хурлын 2 дахь зүйл, Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 39 дүгээр хурлын 2 дахь зүйлээр Ардын үйлдвэрлэлийн нэгдлийн дүрмийг батлан гаргасан бөгөөд урьд өмнө нь ажиллаж байсан хамтралын байгуулалтын туршлага, байдлыгхаргалзан сайн дурын үүднээс аливаа ажлыг хамтран гүйцэтгэх анхан шатны ардын нэгдлүүд оршин байж болохыг заажээ.  Ж.Наваанжав, В.Жамсранжав, Д.Даш, Г.Гармаа, Б.Чунаг, Я.Жигжид, С.Гомбо, Д.Пэрэнлэй нарын 9 хүн Шивээ голын усыг ашиглан хоногт 3 тонн будаа няцлах хүчин чадалтай усан тээрмийг байгуулан, хамтын хөдөлмөрийн давуу талд урамшсан тэд 1939 оны 9-р сарын 5-нд Шивээгийн 55-р нэгдлийг байгуулжээ. Тус нэгдэл нь 1940 онд 3 га газар тариалалт хийж байсан бол 1945 онд        12 га-д улаан будай, арвай тариалдаг болсон байлаа. Мөн онд тус нэгдэл нь 22 гишүүнтэй, 19000 төгрөгний үндсэн хөрөнгөтэй болсон байв. Өөрийн хөрөнгөөр мал худалдаж авсанаар давхар мал аж ахуй эрхлэх болжээ.


Зах зээлийн үеийн Их-Уул сум  /1990-одоог хүртэлх/


    1990-ээд оны үед Монгол улс ардчилсан, зах зээлийн хөгжлийн замыг сонгосоноор өвм хувьчлалын ажил хийгдэж үүгээр олон аж ахуйн газар тарж бутарсаны нэг нь хөдөө аж ахуйн нэглүүд юм. Өмч хувьчлалын явцад нэгдлийн гишүүдэд нэгдлийн өмч, хөрөнгийн ихэнхийг тараан өгч үлдсэн хөрөнгө дээр нь компаниуд байгуулагдсан боловч удалгүй дампууран алга болжээ. Саруул амьдрал нэгдэл нь 1956 оноос хойших хугацаанд малчин ардуудаас 57 мал нийгэмчлүүлэн авч байсан бол 1990 онд 68,6 мянгад хүргэн өсгөөд 95%-ийг нь малчин ардуудад буцаан өгчээ. Нэгдлийн хувьчлагдсан өмч нь зөвхөн мал биш газар тариалангийн эдлэншүүлсэн талбай, машин техник, суурь фермийн дулаан хашаа, гүн өрмийн худаг, бригадын төв, эмчилгээ тэжээлийн суурь  цэг, зочид буудал, эхчүүдийн төрхийн өмхөн байр, албан контор, орон сууц гэх мэт багагүй хөрөнгө орж байлаа. Өмч хувьчлалын үед үүнээс гадна тус суманд ажиллаж байсан 50 гаруйавто машин, засварын тоног төхөөрөмж бүхий хот хоорондын авто тээврийн 36-р бааз, 80 гаруй айлын орон сууц, худалдаа бэлтгэлийн анги зэрэг аж ахуйн газруудын ихээхэн хэмжээний эд хөрөнгө хувьчлагджээ. Зэх зээлд шилжих эхний үед сумын өмнө олон тулгамдсан асуудал тулгарч байсан боловч түүнийг хамтын хүчээр даван туулж удалгүй үйл ажиллагаа нь жигдрэн амжилт бүтээлээр жигүүрлэгчдийн тоо олширчээ.
   Тус сум нь 1994 оны эцэст 73 мянган толгой мал тоолуулж байсан бол 1995 онд 92 мянга, 1999 онд 116900 мянган толгой малтай болж мал сүрэг нь өсөв. 1997 онд сум малаа таван төрлөөр нь өсгөж, эдийн засаг, нийгэм соёлоо хөгжүүлхэд амжилт гаргасан учир аймагтаа 1-р байр эзлэж байв. 1996 оны 11-р сарын 01-ны өдөр өндөр хүчдэлийн шугамд холбогдсоноор ард иргэдийн ахуй нөхцөлийг сайжруулах хөдөлмөрийн бүтээмж өсөхөд зохиох ёсоор нөлөөлжээ. 2000 он гэхэд сум нь мянгат малчин 5,  2 мянгат малчин 1, аймгийн сайн малчин 5, сумын сайн малчин 5, аймгийн аварга уяач 1-тэй болжээ. 2000 оны байдлаар сум нь 900 –гаад өрх, 7 мянга гаруй хүн амтай, 120 мянган толгой малтай, 50 гаруй худалдаа үйлчилгээний цэгтэй болсон бол 2002 он гэхэд 1047 өрх, 4059 хүн амтай, нийт 113487 мянган толгой малтай, 70 гаруй худалдаа, үйлчилгээний цэгтэй, 120 шахам төрийн албан хаагч төрийн үйлчилгээг ард олонд хүргэх болжээ. 2001 онд Н.Жүгдэр, 2002 онд Ч.Гэндэнсүрэн нар улсын сайн малчин болжээ.