Их-Уул сум нь 1931 онд анх үүсэн байгуулагдсан түүхтэй. Их-Уул сумын нутаг дэвсгэр нь Ардын хувьсгалын өмнө Эрдэнэбишрэлт Засагт хан аймгийн Ахай бэйсийн хошуунд харъяалагдаж байжээ. Ахай бэйсийн хошуу нь Манжийн ноёрхлын үед буюу 1691-1911 онд Халхын өрнө замын дундад зууны гарын адгийн хошуу гэж нэрлэгдэн нэг гүйцэт сумын албан үүрэг гүйцэтгэж явжээ. Их-Уул сум нь БНМАУ-н бага хурлын тэргүүлэгчдийн 1931 оны 2-р сарын 7-ны өдрийн 5-р тогтоолоор Цэцэрлэг Мандал уулын аймгийн Наранжаргалант уулын хошуунаас үүсэн байгуулагджээ. Сум байгуулах анхны хурлыг 1931 оны 3-р сарын 24-нд Дэрст булан хэмээх газарт хийж сумын даргаар Амарын Лувсанг сонгожээ. Нутаг дэвсгэрийн хувьд Ахай бэйсийн хошуу , Бүрэн сумын нутгийн далай гүний хошууны Ар зүүн сум, Түнэл сумын нутгийн Хөвсгөл нуурын урианхайн Өвөр баруун, Өвөр зүүн сумын нутгаас оролцуулан бүрэлдэж сумын төв нь эхлээд Цагаан бургастын аманд байрлаж байгаад дараа нь одоогийн байгаа энэхүү газартаа төвлөрөн өнөөг хүрч 93 жилийн ойтоогоо учран золгож байна. Их-Уул нутгаас маань төрөн гарсан алдартнуудаас төлөөлөн дурьдвал: Хөдөлмөрийн баатар Чоёнгийн Пүрэв, Гавьяат эдийн засагч Бандийн Ванчинбалбар, МУГЖ,бөх цоллооч, уртын дуучин Батөлзийн Мөнхбаатар, МУ-н начин Нямбалын Баттулга, Батбаярын Давааочир, МУ-н аварга малчин Чимгээн Гэндэнсүрэн, Наваанбазарын Жүгдэр, Жавзангийн Дэмбэрэл, Ламжавын Батбилэг, МУ-н сумын анхны аварга саальчин Чимгээн Лхагвадорж, Аймгийн аварга малчин Санжидын Гэрэл, Д Дашням, Аймгийн алдарт уяач Лувсандоржийн Гунаажав, Чойжив Даваадорж Пиодарын Нямбал гэх мэтчилэн энд нэр нь дурьдагдаагүй олон алдартай хүмүүсээр бид бүхэн бахархаж явдаг билээ.
ЗАСАГ ЗАХИРГААНЫ ХУВЬД
Шивээ, Асгат, Их-Уул, Мандал, Сэлэнгэ гэсэн 5 багтай.
Хүн ам, малын тоогоор Хөвсгөл аймгийн 24 сумаас эхний 5-д, газар нутгийн хэмжээгээр 21-д ордог.
ГАЗАР ЗҮЙН БАЙРШИЛ, онцлог
Хөвсгөл аймгийн Зүүн хэсэгт:
Улаанбаатар хотоос 559 км,
аймгийн төвөөс 112 км зайд байрладаг.
Хөвсгөл аймгийн Тариалан, Эрдэнэбулган, Түнэл, Рашаант, Тосонцэнгэл, Булган аймгийн Баян-Агт сумтай хиллэдэг.
Өндөр уулын бүсэд хамрагддаг. Далайн түвшнээс дундажаар 1050-1500 м өндөрт байрладаг.
ГАЗАР НУТАГ
Нийт газар нутгийн хэмжээ 202382.2 га
Өрхийн тоо –1241
2023 оны жилийн эцсийн байдлаар Шивээ -344 Их-Уул –159 Асгат –201 Мандал –213 Сэлэнгэ -324
Хүн ам -4147
2023 оны жилийн эцсийн байдлаар Шивээ -1233 Их-Уул –517 Асгат –692 Мандал –707 Сэлэнгэ - 998
Мал сүрэг
2023 оны жилийн эцсийн байдлаар нийт 309362 мал тоологдсоноос
Тэмээ-58 Адуу-15275 Үхэр-24514 Хонь-133933 Ямаа-135582. малчин өрх- 908, малтай өрх-12 байна.