Сумын танилцуулга
2024-09-18 12:40:00,   668

Их-Уул сум нь 1931 онд анх үүсэн байгуулагдсан түүхтэй.  Их-Уул сумын нутаг дэвсгэр нь Ардын хувьсгалын өмнө Эрдэнэбишрэлт Засагт хан аймгийн Ахай бэйсийн хошуунд харъяалагдаж байжээ. Ахай бэйсийн хошуу нь Манжийн ноёрхлын үед буюу 1691-1911 онд Халхын өрнө замын дундад зууны гарын адгийн хошуу гэж нэрлэгдэн нэг гүйцэт сумын албан үүрэг гүйцэтгэж явжээ. Их-Уул сум нь БНМАУ-н бага хурлын тэргүүлэгчдийн 1931 оны 2-р сарын 7-ны өдрийн 5-р тогтоолоор Цэцэрлэг Мандал уулын аймгийн Наранжаргалант уулын хошуунаас үүсэн байгуулагджээ. Сум байгуулах анхны хурлыг 1931 оны 3-р сарын 24-нд Дэрст булан хэмээх газарт хийж сумын даргаар Амарын Лувсанг сонгожээ. Нутаг дэвсгэрийн хувьд Ахай бэйсийн хошуу , Бүрэн сумын нутгийн далай гүний хошууны Ар зүүн сум, Түнэл сумын нутгийн Хөвсгөл нуурын урианхайн Өвөр баруун, Өвөр зүүн сумын нутгаас оролцуулан бүрэлдэж сумын төв нь эхлээд Цагаан бургастын аманд байрлаж байгаад дараа нь одоогийн байгаа энэхүү газартаа төвлөрөн өнөөг хүрч 93 жилийн ойтоогоо учран золгож байна. Их-Уул нутгаас маань төрөн гарсан алдартнуудаас төлөөлөн дурьдвал: Хөдөлмөрийн баатар Чоёнгийн Пүрэв, Гавьяат эдийн засагч Бандийн Ванчинбалбар, МУГЖ,бөх цоллооч, уртын дуучин Батөлзийн Мөнхбаатар, МУ-н начин Нямбалын Баттулга, Батбаярын Давааочир, МУ-н аварга малчин Чимгээн Гэндэнсүрэн, Наваанбазарын Жүгдэр, Жавзангийн Дэмбэрэл, Ламжавын Батбилэг,  МУ-н сумын анхны аварга саальчин Чимгээн Лхагвадорж, Аймгийн аварга малчин Санжидын Гэрэл, Д Дашням, Аймгийн алдарт уяач Лувсандоржийн Гунаажав, Чойжив Даваадорж Пиодарын Нямбал гэх мэтчилэн энд нэр нь дурьдагдаагүй олон алдартай хүмүүсээр бид бүхэн бахархаж явдаг билээ.

 

Хөвсгөл аймгийн Их-Уул сум нь Хөвсгөл орчмын уулс ба Хангайн уулархаг мужид харьяалагдаж, ой, ойт хээрийн бүсэд хамрагдана. Сумын нутаг дэвсгэр нь далайн түвшнээс дээш нь 1050-2262 м өндөрт өргөгдсөн. Галт уулын бялхмал чулуулаг хүрмэн болон боржин чулуу сумын нутагт байна. Уур амьсгалын тухайд говийн бүс нутагтай харьцуулахад чийглэгдүү, сэрүүвтэр уур амьсгалтай.

Их-Уул сумын нутагт ихэвчлэн дунд зэрэг хэрчигдэлтэй уулууд байдаг. Эдгээр уулсын нэг нь Их-Уул хайрхан юм. Их-Уул уулын дээд өндөр 1700 м, харьцангуй өндөр 700 м орчим Геологийн шинжлэх ухааны үүднээс авч үзвэл Кайнозойн эрин /68  ая жил/-д уул тогтох хөдөлгөөний улмаас атираат уулс үүсчээ. Дэлхийн уул, нуруудын адил Монгол орны уул нурууд, Их-Уул уул ч энэ үед төрх хэлбэрээ олж тогтсон байна.

Их-Уул хайрхан нь тунамал чулуун гадаргатай. Куэст ба геоморфологийн тогтоцтой. Куэст гэдэг нь нэг талдаа налуу, нөгөө талдаа огцом уналттай уулс юм. Хатуу тунамал давхарган чулуу, зөөлөн давхаргын чулууны үе 2 ээлжлэн тогтож, тектоник хөдөлгөөний явцад давхарга хазайж, налуу үүсгэн зөөлөн хэсэг нь элэгдэж хур тунадасны нөлөөгөөр гулгаран хажуу нь өндөрлөг хэлбэрээр үлдсэн ба үелэн давхраатжээ.

Их-Уул уулын байгаль газар зүйн онцлогийн тухай өгүүлэхийн тулд тухайн нутгийн экосистемийн онцлогийг хамтатган өгүүлэх зайлшгүй шаардлагатай юм.

  1. Их-Уул уулын хөрсний хэв шинж онцлог.

Монгол орны хөрсний хувьд Их-Уул сум нь хангайн мужид харьяалагддаг. Хангайн муж нь  тул хүрэн, хүрэн бор чийглэг хөрстэй. Газрын хөрсний чийгшил 200-250 мм байдаг. Нутгийн багагүй хэсгийг ой эзэлнэ. Ойд хус, улиас, хар мод шилмүүст болон навчит мод байна. Нэрс үхрийн нүд улаалзгана, хад, аньс, гүзээлзгэнэ, сонгино гэх мэт хүнсний ургамлууд ургана. Ягаан цээнэ, таван салаа зэрэг эмийн ургамал их хэмжээгээр ургана. Иймд хангайн мужид харьяалагддаг Их-Уул хайрхан нь хөрсний хувьд хүрэн, хүрэн бор чийглэг хөрстэй хөрсний энэ мужид хамаарах ургамал ургадаг. Бэлчээрийн хэв шинжийн хувьд авч үзвэл Их-Уул сумын малын бэлчээр нь хэв шинжийн хувьд нугат-хээрийн ба хээрийн бэлчээр юм. Нунтаг карбонатлаг хүрэн хар хөрстэй, жижиг бутлаг үетэнт хялганат, хиагт бэлчээртэй. Их-Уул ууланд ховор ургамлаас зэрлэг сонгино түгээмэл ургадаг.

  1. Их-Уул уулын амьтны аймгийн тухай

Их-Уул сумын нутагт буга, гөрөөс, булга, буга, тарвага, дагуур зурам, хярс, үнэг, дорго, зэрлэг гахай зэрэг ан амьтад хонин гүрвэл, могой гүрвэл, усны могой, нарийн могой, рашааны могой зэрэг 2 нутагтан болон хэвлээр явагч, бүргэд, элээ, хун, галуу, ятуу, улаан хошуут, ятуу зэрэг шувууд байдаг. Эдгээр амьтдаас Их-Уул ууланд буга, гөрөөс, тарвага, зурам, чоно, үнэг зэрэг ан амьтад байдаг.

  1.  Ашигт малтмал.

Сумын нутагт барилгын материал их хэмжээтэй байдаг. Тухайлбал, барилгын үндсэн материал болох хайрга, дайрга, элс, шохой, зос зэрэг материал байдаг. Мөн 1959-1960-аад оны сумын Сэлэнгэ суурингийн барилга баригдах үед Их-Уул уулын чулууг барилгад ашиглаж байжээ.

ЗАСАГ ЗАХИРГААНЫ ХУВЬД                                                                                                                         

 Шивээ, Асгат, Их-Уул, Мандал, Сэлэнгэ гэсэн 5 багтай.

Хүн ам, малын  тоогоор Хөвсгөл аймгийн 24 сумаас эхний 5-д, газар нутгийн хэмжээгээр 21-д ордог.

ГАЗАР ЗҮЙН БАЙРШИЛ, онцлог

Хөвсгөл аймгийн Зүүн хэсэгт: 

Улаанбаатар хотоос 559 км, 

аймгийн төвөөс 112 км зайд байрладаг.

Хөвсгөл аймгийн Тариалан, Эрдэнэбулган, Түнэл, Рашаант, Тосонцэнгэл, Булган аймгийн Баян-Агт сумтай хиллэдэг.

Өндөр уулын бүсэд хамрагддаг. Далайн түвшнээс дундажаар 1050-1500 м өндөрт байрладаг.

 

ГАЗАР НУТАГ

Нийт газар нутгийн хэмжээ 202382.2 га 

Өрхийн тоо –1241

 2023 оны жилийн эцсийн байдлаар Шивээ -344  Их-Уул –159 Асгат –201 Мандал –213 Сэлэнгэ -324

Хүн ам -4147

2023 оны жилийн эцсийн байдлаар Шивээ -1233 Их-Уул –517 Асгат –692 Мандал –707 Сэлэнгэ - 998

Мал сүрэг                                                                                                                       

2023 оны жилийн эцсийн байдлаар нийт 309362 мал тоологдсоноос

Тэмээ-58 Адуу-15275 Үхэр-24514 Хонь-133933 Ямаа-135582. малчин өрх- 908, малтай өрх-12 байна. 

2024-09-18 12:40:00